
Fecal Immunochemical Test (FIT) Өтгөнөөс далд цус илрүүлэх шинжилгээ
Өтгөнд нүдэнд үл харагдах цусыг илрүүлэх, бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн скринингийн шинжилгээ
Хэн FIT шинжилгээг өгөх вэ?
Бүдүүн, шулуун гэдэсний эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг хүсэж байгаа хүн бүр.
31-65 насны хүмүүс урьдчилан сэргийлэх зорилгоор.
Гэр бүлд нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар, полипийн түүхтэй хүмүүс.
Өтгөний хэвшил өөрчлөгдөх, удаан хугацаагаар өтгөн хатах эсвэл суулгах зэрэг өөрчлөлт ажиглагдсан үед.
Өмнө нь бүдүүн, шулуун гэдэсний полип болон бусад эмгэг оношлогдож байсан хүмүүс эмчийн зөвлөсний дагуу.
FIT шинжилгээ юуг илрүүлэх вэ?
FIT буюу Fecal Immunochemical Test нь өтгөнд агуулагдах хүний гемоглобиныг илрүүлж, өтгөнөөр дамжин гарч буй далд цус алдалтыг илрүүлэхэд ашиглагдана.
Шинжилгээний эерэг хариу нь заавал хорт хавдар гэсэн үг биш. Иймээс эерэг хариу гарсан тохиолдолд эмчид хандаж, шаардлагатай нэмэлт үзлэг, шинжилгээ хийлгэнэ.
FIT шинжилгээний давуу тал
Гэрийн нөхцөлд сорьцоо өөрөө авах боломжтой.
Өвдөлтгүй (Инвазив бус)
Өтгөнд нүдэнд харагдахгүй бага хэмжээний цусыг илрүүлэхэд ашиглагдана.
Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх скринингийн арга болгон ашигладаг.
Сорьц авах үйл явц энгийн, хэрэглэхэд хялбар.
Хэрхэн шинжилгээ өгөх вэ?
Сорьц авахын өмнө анхаарах зүйл
Дараах тохиолдолд өтгөний сорьцыг 3–7 хоног хүлээсний дараа авна:
Сарын тэмдэг ирсэн үед
Шамбарам (геморрой) сэдэрсэн үед
Шүд авхуулсан, буйлнаас цус гарсан тохиолдолд
Өтгөнд нүдэнд харагдахуйц цус ажиглагдсан үед
Суулгалттай байгаа үед — шинжилгээний хариу хуурамч эерэг гарах магадлалтай
Өтгөний сорьц хэрхэн авах вэ?
Хөнгөнөөр бие зассаны дараа дээж цуглуулах цаасыг суултуурт зөв байрлуулна.
Өтгөнөө дээж цуглуулах цаасан дээр гаргана.
Дээж цуглуулах цаасанд шээс, ус болон цэвэрлэгээний бодис хүргэж болохгүй.
Шинжилгээний зориулалтын савыг ашиглан өтгөний сорьцыг зааврын дагуу авна.
Сорьц авсны дараа савны тагийг сайтар хааж, зориулалтын уутанд хийнэ.
Лабораторид хүргэх хүртэл 0–10°C температурт хөргөгчинд хадгална.
Сорьцыг лабораторийн зааврын дагуу хүргүүлнэ.
Анхаарах зүйл: FIT нь онош батлах шинжилгээ биш, скринингийн шинжилгээ юм. Эерэг хариу гарсан тохиолдолд эмчид хандаж, цус алдалтын шалтгааныг тодруулах шаардлагатай. Өтгөнд ил харагдах цус гарах, хэвлийгээр өвдөх, шалтгаангүйгээр жин буурах, өтгөний хэвшил удаан хугацаагаар өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл зөвхөн FIT шинжилгээнд найдалгүй эмчид хандаарай.
Эрүүл мэндээ хойшлуулах хэрэггүй.
Өнөөдөр энгийн шинжилгээнээс эхэлж, бүдүүн гэдэсний эрүүл мэнддээ анхаараарай.




