Fecal Immunochemical Test (FIT)
Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
Бүдүүн, шулуун гэдэсний эмгэгийг эрт илрүүлэхэд зориулсан энгийн, инвазив бус шинжилгээ.
Fecal Immunochemical Test буюу FIT нь өтгөнд нүдэнд харагдахгүй хэмжээгээр агуулагдаж болох хүний цусны гемоглобиныг илрүүлэх шинжилгээ юм.
Өтгөнд далд цус илрэх нь бүдүүн, шулуун гэдэсний полип, хавдар зэрэг эмгэгийн нэг шинж тэмдэг байж болох тул FIT нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэгт өргөн ашиглагддаг.
Яагаад FIT шинжилгээ чухал вэ?
Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар эхний үе шатандаа ямар нэгэн тодорхой шинж тэмдэггүй байх нь элбэг. Шинж тэмдэг илэртэл хүлээх нь оношилгоог хойшлуулах эрсдэлтэй.
FIT шинжилгээгээр:
Өтгөнд байгаа нүдэнд үл үзэгдэх цусыг илрүүлэх
Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдах
Зарим полип болон бусад гэдэсний эмгэгийг цаашид нарийвчлан шинжлүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлоход туслах
Хялбар, хурдан аргаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой.
FIT нь өвдөлтгүй, биед ямар нэгэн багаж оруулах шаардлагагүй бөгөөд гэрийн нөхцөлд сорьцоо авах боломжтой байдгаараа давуу талтай.
Хэнд FIT шинжилгээ тохиромжтой вэ?
Дараах тохиолдолд эмчтэй зөвлөлдөн FIT шинжилгээ өгч болно:
Нас ахих тусам бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэл нэмэгддэг тул тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг хийх (31-65 нас)
Гэр бүлд бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдарын түүхтэй
Өмнө нь гэдэсний полип илэрч байсан
Гэдэсний эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх хяналт хийх хүсэлтэй
FIT-ийн гол давуу тал
Энгийн — Өтгөний бага хэмжээний сорьц шаардлагатай.
Инвазив бус — Колоноскопийн адил гэдэс рүү дуран оруулах шаардлагагүй.
Өвдөлтгүй — Сорьц авах явцад өвдөлт үүсгэдэггүй.
Гэртээ сорьц авах боломжтой — Зориулалтын сорьц цуглуулах хэрэгслийн тусламжтайгаар сорьцоо авах боломжтой.
Эрт илрүүлэгт ашиглана — Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэх скринингийн нэг арга юм.
Шинжилгээний хариу эерэг гарвал?
FIT эерэг гарсан нь шууд “хорт хавдар” гэсэн үг биш.
Өтгөнд цус илэрсэн гэсэн үг бөгөөд цус алдалтын шалтгааныг тогтоохын тулд эмчийн үзлэг, шаардлагатай тохиолдолд колоноскопи зэрэг нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай.
Шинжилгээний хариу сөрөг гарвал?
Сөрөг хариу нь тухайн сорьцонд илрүүлэх хэмжээнд хүний гемоглобин илрээгүй гэсэн үг.
Гэхдээ сөрөг FIT нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар болон бусад өвчнийг 100% үгүйсгэхгүй. FIT нь скринингийн шинжилгээ бөгөөд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчийн үзлэгийг орлохгүй.
Анхаарах зүйл
FIT нь онош батлах шинжилгээ биш, скринингийн шинжилгээ юм.
Өтгөнд цус харагдах, шалтгаангүйгээр жин буурах, удаан хугацаагаар өтгөн хатах/суулгах, хэвлийгээр өвдөх, өтгөний хэв шинж удаан хугацаагаар өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл зөвхөн FIT-ийн хариунд найдалгүй эмчид хандах шаардлагатай.
Эрүүл мэндээ хойшлуулах хэрэггүй.
Өнөөдөр энгийн шинжилгээнээс эхэлж, бүдүүн гэдэсний эрүүл мэнддээ анхаараарай.
FIT — Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ.
Эрт илрүүлэгт зориулсан энгийн алхам.




