2018 оны 5-р сарын 19ны өдөр Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ДЭМБ-ийн Ерөнхий Захирал болох доктор Тедрос Адханом умайн хүзүүний хорт хавдрыг цорын ганц болон хамгийн эхний бүрэн устгах боломжтой хорт хавдар хэмээн тунхагласан байдаг.
Ийнхүү ДЭМБ-ийн дэлхий даяар өрнүүлж буй Умайн хүзүүний хорт хавдрыг устгах санаачилга эхэлсэн байна. Баримтлах гол стратеги нь 90-70-90 буюу:
15 нас хүртэлх охидын 90%-ийг вакцинжуулах,
35-аас 45 нас хүртэлх эмэгтэйчүүдийн 70%-д нь Эрт илрүүлгийн өндөр чанартай шинжилгээнл хамрагдуулах;
Умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчтэй эмэгтэйчүүдийн 90%-д нь эмчилгээ хийж; Инвазив хорт хавдрын оноштой хүмүүсийн 90%-г хянах, хөнгөвчлөх зарчмыг баримталхаар тогтсон байдаг.
ДЭМБ яагаад устгах боломжтой гэж үзсэн 3 шалтгааныг танилцуулья
1. Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийг нь хүн төрөлхтөн мэддэг болсон
40 жилийн өмнө буюу 1976 онд Германы эрдэмтэн Гаралд Зур Хаусен нь умайн хүзүүний хорт хавдрыг Хүний хөхөнцөр вирүс гэгч түгээмэл вирүс үүсгэдэг болохыг таамаглаж, 1984 онд энэ таамаглалаа батласан байдаг. Сүүлийн 10 жилийн дотор техник технологи хөгжихийн зэрэгцээгээр анагаах ухааны салбар ч мөн адил үсрэлттэй хөгжиж Умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, тэр тусмаа урьдчилан сэргийлэх вакцин нь маш нарийн судлагдсан байдаг.

Германы эрдэмтний маань нээж олсноор Умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 буюу бараг цорын ганц үүсгэгч нь Хүний хөхөнцөр вирус HPV юм. Маш ховор шалтгаан нь DES буюу диэтилстилбэстрол; 1940-1980 оны хооронд зулбалт, хөхний хорт хавдрын үед түгээмэл хэрэглэгддэг байсан эмийн бодис юм. Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг нь батлагдсанаас хойш эмэгтэйчүүдэд энэ эмийн хэрэглээг зогсоосон байдаг байна.
Вирүс нь хамгийн анх бэлгийн уруул, арьсан дээр хөхлөгтэй ургацаг үүсгэдэг гэдгээр нь олж нээсэн бөгөөд тийнхүү хөхөнцөр вирүс гэж нэрлэсэн байдаг.
Хүний хөхөнцөр вирүс маш түгээмэл вирүс. Насанд хүрсэн хүний 80%- нь амьдралдаа хөхөнцөр вирүсийг туссан байдаг гэх тооцоо бий. Ихэвчлэн хүмүүсийн арьсан дээр байрлаж арьсны үү, кондилом ургацаг үүсгэдэг ба бэлэг эрхтний ойролцоо, амьсгалын замд мөн түгээмэл байрладаг. Хүний хөхөнцөр вирүс нь маш олон төрөл байдаг ба одоогоор судлагдсан 200 гаруй төрөл байгааг бид хавдар үүсгэх магадлалаар нь 2 ерөнхий хуваадаг. Бага эрсдэлтэй болон Өндөр Эрсдэлтэй.
Бага эрсдэлтэй вирүс нь ихэвчлэн үү, ургацаг үүсгэдэг
Өндөр эрсдэлтэй төрлүүд нь хорт хавдар үүсгэх нь илүүтэй байдаг.
Энэ вирүс нь хүнээс хүнд дамждаг ба ихэвчлэн бэлгийн замаар бэлэг эрхтнээс бэлэг эрхтэнд, бэлэг эрхтнээс салстад, арьснаас арьсанд, арьснаас салстанд хүрч дамждаг. Ховор тохиолдолд төрөх замаар эхээс хүүхдэд, халдвартай эд хэрэгсэл, гадаргууд хүрснээр дамжин халдварладаг байна.
Хүнээс хүнд, эд зүйлсээс хүнд халдварлахаас гадна хүн өөрөө өөрөөсөө халдвар авах мөн боломжтой байдаг байна.
Тэгэхээр Дэлхий даяар насанд хүрэгдчийн 80% нь ийм вирүстэй гэвэл 80%-уулаа яагаад хорт хавдар тусахгүй байна?
Хорт хавдар үүсгэх нөхцөл гэж зүйлийг ярих шаардлагатай болно.
Та өөрийгөө тариачин гэж төсөөлөөрэй. Та тарианы үрээ газарт суулгаад усалж, бордож, нар үзүүлэхгүй бол тэр үр ургахгүй. Үүнтэй адил зөвхөн Хөхөнцөр вирүс байгаад хорт хавдар үүсгэх нөхцөл нь бүрэлдэхгүй бол хорт хавдар үүсэхгүй гэсэн үг юм. Эдгээр нөхцөлд :
Дархлаа сул байх (ДОХ-ийн халдвартай, дархлаа дарангуйлах дааврын эм хэрэглэдэг хүмүүс)
Тамхи татах (Дан тамхидалт)
Жирэмснээс хамгаалах эм уудаг байх
Олон удаа төрсөн байх
Таргалалт
Бэлгийн замын удаан эмчлэгдээгүй халдвар буюу архаг халдвар, үрэвсэл зэрэг ордог
ХХВ-ийн төрөл
Бидний дээр ангилснаар бага эрсдэлтэй вирүсийн хамгийн түгээмэл төрөл болох- 6,11 нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх ердөө 1%-ийн эрсдэлтэй байдаг бол өндөр эрсдэлтэй вирүс дотроо хамгийн өндөр эрсдэлтэй 16,18 нь умайн хүзүүний хорт хавдрын 70-80%-ийг нь үүсгэдэг.
Дархлааны гайхамшиг
Вирүсийн халдвартай хүмүүсийн 90% нь 1-2 жилийн дотор ХХВ-ээ өөрийн дархлаагаар устгаж чаддаг. Дархлаа хэвийн ажиллаж байгаа тохиолдолд ХХВ-ийн халдварыг ханиадтай адилхан замаар устгадаг байна. Гэхдээ ханиадны вирүсийг бодвол хүний биед удаан тогтдог тул хугацаа шаарддаг.
Цаг хугацаа
Дархлаагаар устгагдаж чадаагүй вирүс шууд нэг өдөр, нэг сар, нэг жилийн дотор хорт хавдар болох боломжгүй юм. Хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог ХХВ 16 нь 1-10 жилийн дотор умайн хүзүүнд өөрчлөлт үүсгэж эхэлдэг байна. Бусад төрөл нь дунджаар 10-20 жилийн дотор Хорт хавдрын эс болдог байна.
Үргэлжлэлийг дараах нийтлэлээс уншина уу




